Энэ жил төлөвлөөгүй аялалд гэнэт явлаа. УБ-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал-Жаргалант-Тэрхийн Цагаан нуур /Тариат/-Цэцэрлэг- Хархорин- УБ гэсэн маршрутаар нийт 8 хоног, 1900 км аялав. УБ хотоос өдөр 16:00 цагийн үед замд гарсан. Засмал замаар явсаар байгаад шөнө 23:00 цагийн үед Орхон-Уул аймгийн төв Эрдэнэт хотод хоноглосон. Аян замын анд Хуягаа ахын төрж өссөн ээжийнх нь гэрт бууцгаав. Шөнө очсон болохоор Эрдэнэт хотын ихэнх газрууд нь хаалттай байсан нь харамсалтай. Гэхдээ эмх цэгцтэй, цэвэрхэн хот байсан нь их таалагдсан. Өглөө цайгаа уучихаад 9:00 цагийн үед дахин замдаа гарцгаав. Манайхан нийт 7 том хүн, 7 хүүхэд, 2 жийп машин гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Булганаар дайраад цааш Уньт сум хүртэл засмал замаар давхисаар шороон замтай учрав. Хааяаа нэг гуу жалга тааралдахыг эс тооцвол зам нь харьцангүй сайн байсан. Жижиг тэрэг бол торох юмгүй явахаар юм билээ. Зам зуур Уран Тогоо хэмээх сөнөсөн галт уул тааралдана. Завтай бол машинтайгаа очоод дээр нь гараад үзэх боломжтой. Галт уулын тогоон дотор нь нуур байдаг гэсэн. Бид нар оройтож гарсан учраас замын хажуунаас хараад өнгөрсөн юм. Орой нар шингэхийн алдад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирцгээв. Биднийг очиход ширүүн бороо асгарч эхэлсэн тул эндээ хоноцгоохоор шийдэв. Мөрөн хотод зочид буудлууд нь нилээд ачаалалтай бас ч үгүй үнэтэй юм билээ. Хоёр ортой өрөө хоногийн 55.0-75.0 мянган төгрөг. Хоол нь тусдаа үнэтэй ч байна хоол нь ороод ийм өртөгтэй нь ч байна лээ. Хэрэв таныг Мөрөн хотод очих үед бороо асгарч байвал цааш Хатгал сум руу явсны хэрэггүй гэж зөвлөх байна. Учир нь зам зуур уулын үер буудаг хэд хэдэн жалга байдаг бөгөөд биднийг буцах өдрийн урьд өдөр нь хэд хэдэн жижиг машин, мотоцикл үерт урссан тухай сонсогдсон юм.
Мөрөн хотоос өглөөний 10:00 цагийн үед хөдлөөд Хатгал суманд өдрийн 15:00 цагийн үед очсон. Манай багийнхан бага насны хүүхдүүд олонтой явсан болохоор хурдан давхих хориотой мөн түр зуур зогсох асуудал хааяаа гарч байсан учраас 3 цаг явах газрыг 5 цаг туулж байсан. Хөвсгөл нуурын эргээр хэд хэдэн жуулчны баазууд байх бөгөөд ихэнх нь ачаалал ихтэй хүн хүлээж авах их дургүй байв. Бид урьдчилаад захиалга өгсөн байсан учир шууд "Хөвсгөл Сант" жуулчны баазад буудаллаа. Энэ бааз нь 2 давхар модон байшин, 2 ортой гэр мөн олуулаа байрлах боломжтой гэр гэсэн 3-н сонголттой. Байшин нь дотроо халуун ус, ариун цэврийн өрөөтэй хоногийн нэг хүний 75.000 төг, 2 хүний гэр нь ТВ, тохилог тавилга сэлттэй ниймийн 00 ашиглана хоногийн нэг хүний 55.000. Дээрхи бүгд нь өдрийн 3-н хоолтой харин Нийтийн чанартай гэр нь өдрийн 50.000 төгрөг. Дотроо хоймроо дүүргэсэн том матрастай тэгээд нэг зуух, ширээ. Өдрийн хоол гэсэн зүйл энэ үнэд ороогүй. Олуулаа яваа хүмүүст энэ гэр зөв сонголт болох юм билээ.
За тэгээд Хөвсгөл нуураар усан онгоц хөлөглөх эсвэл моторт завь хөлөглөх нь таны сонголт. Мэдээж өртөг нь өөр өөр. Сүхбаатар хөлөг өдөрт 3-н удаа аялдаг. 12, 15, 18 цагуудад. Заримдаа хүн ихтэй бол 20:00 цагаас нэмэлт аялал хийдэг. Үнийн хувьд бага насны хүүхэд үнэгүй харин том хүн 15.000 төгрөг. Хөлгийн тавцан дээр аялалын үед хөгжөөнт тоглоом, дуудлага худалдаа мөн Хөвсгөл далайн тухай танилцуулга яриа, мини диско болдог. 2 цаг гаран далайгаар аялна. Хамгийн цаад цэг нь Хөвсгөл далайн боомтоос 10-аад км-ын зайтай орших Хүслийн хад хүрнэ.
Харин жижиг моторт завь хөлслөхөд хаана очихоос шалтгаалан үнэ нь өөр өөр. Бидний хувьд талдаа 1:30 минут аялаад хүрэх шувуудын аралд очсон. 350.000 төгрөг ирж очих зардал нь. Завьны даац нь 800 кг үүнд багтаад хэдэн ч хүн сууж болно гэхдээ завьны багтаамжаа харах байх. Тус аралд хэдэн мянган тооны цахлай шувуу мөн арлын нөгөө эрэгт нь хар галуу тухлах бөгөөд арлаар аялаж явахдаа маш болгоомжтой, алхаа гишгээгээ хянаж явахгүй бол гувууны өндөг, бяцхан ангаахайнуудыг гишгэх аюултай юм билээ. Мэдээж хүн үр хүүхдээ харамладагтай адил шувууд ч өндөг эсвэл ангаахайнуудаа танаас харамлан дайрна гэдгийг анхаараарай. Толгой дээгүүрээ аврах хантаазаа нөмрөөд явах нь аюул багатай шүү.
Жижиг завинд бага насны хүүхдээ битгий суулгаарай зайлшгүй тохиолдолд гараасаа салгалгүй барьж яваарай. Тэгэхгүй бол далайн давалгаанд цохигдсон завь дээш үсрэх үед хүүхэд гэлтгүй том хүн ч ус руу унах аюултай юм байна лээ.
За тэгээд дэлхийн цэвэр усны ний нөөцийн 6 хувь болсон Хөвсгөл далайн ус бол юун тэр хотод зардаг савласан цэвэр ус мустай харьцуулах. Гайхамшигтай тунгалаг. Ёроолын хайрга чулуу, загас жараахай эн тэр нь нэвт шувт харагдаад.
Далай усанд удаан сэлж болохгүй гэсэн учир нь их хүйтэн байдаг учраас халуурах, хоолой өвдөх зэргийн эрсдэл энүүхэнд тохиолдоно. Мөн нуурын эрэг дагуу майхан барих, ил гал түлэх зэрэг хориотой.
Хатгал сумаас утсан загас, консервлосон загас авахад Мөрөн хотоос арай үнэтэй. Хатгал суманд утсан загас том жижгээс хамаараад 500-1500 төгрөг ширхэг нь. Мөрөн хотын хүнсний захад кг нь 5.000-6.000 төгрөг.
Цаа буганы дэргэд зургаа татуулах боломжтой харин мордож зураг авахуулах хориотой. Яагаад гэвэл өмнө нь цаа бугын нурууг хугалсан тохиолдол гарсан учраас хориглосон гэсэн. Үнийн хувьд сайн мэдэхгүй байна.
Хотоос гарахдаа бэлэн мөнгө авч яваарай. Зам зуур АТМ эн тэр бол ёстой худлаа шүү. Томоохон төв суурин газарт л байна уу гэхээс сумын төвдөө АТМ-тэй газар их ховор юм билээ. Аян замд усны гутал, борооны цув, газаар ажилладаг плитка, газны хошуу авч яваарай. Нойтон модоор гал асаахад газны хошуутай бол ядах юмгүй хоолоо хийгээд идчихнэ.
Өнөөдөртөө ингэсгээд дуусгая. Дараа Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур хүртэл аялсан тэмдэглэлээ оруулнаа.
Sunday, July 15, 2012
Tuesday, June 26, 2012
Азгүй
Саяхан би Хойд Солонгосын тухай бичсэн ном уншлаа. Ямар их зовлон, шаналал тэнд байдын бэ. Хамгийн аймар нь өлсгөлөн. Би тэр номыг уншсанаас хойш гэртээ талхны саванд хийгээд таглаагүй хатаачихсан хэдэн зүсэм талхыг хаяхдаа бас л эмзэглэдэг болж байна лээ. Урьд нь бол огт юм бодолгүй шууд л хогийн сав руу чулууддаг байсан. Одоо харин "Тэнд хүүхдүүд..." гэж бодогддог болчоод байгаа. Бас нэг кино байдгын Хойд Солонгосын нэгэн гэр бүлийн аав нь монголд хүүтэйгээ уулзах гээд чадалгүй цогцсыг нь олоод төгсдөг. Би санаж байгаар 2 удаа үзсэн дэг. Үзсэн тоолондоо их бага хэмжээгээр уйлсан байдын. Хүн нууц юманд илүү их дурлаж, сонирхдог юм байна. Би энэ улсад очиж үзэхийг үнэхээр их хүсч байна гэхдээ үзүүлэнгийн хот биш жинхэнэ үхэл амьдрал өрнөж байгаа тэр газруудаар нь. Тэд нуух тусам улам ил болоод байх шигээ. Энэ чамд ч бас хамаатай. Азгүй гэж энэ байх даа.
Subscribe to:
Posts (Atom)